ХУДАГ ХҮРТЭЛХ ХОЁР ЖИЛ
Жавар тачигнасан хүйтэн өдөр гартаа канистраа савлуулсаар Туул голыг зорино.
- "Ойр хавьд ус өгөх айл алга. Хэнийх ус өгч байна. Шланг нь хөлдөөгүй худагтай айл байна уу?” гэх яриа Гачууртын Баяндөхөм хэсгийн иргэд дунд байнга өрнөнө. Өдрийн ундны усаа залгуулах гэж айлаас ус асуух нь байж боломгүй сонсогдож болох ч энэ бол энгийн үзэгдэл байлаа.
- "Ойр хавьд ус өгөх айл алга. Хэнийх ус өгч байна. Шланг нь хөлдөөгүй худагтай айл байна уу?” гэх яриа Гачууртын Баяндөхөм хэсгийн иргэд дунд байнга өрнөнө. Өдрийн ундны усаа залгуулах гэж айлаас ус асуух нь байж боломгүй сонсогдож болох ч энэ бол энгийн үзэгдэл байлаа.
Харин одоо энэ буйдхан газрын иргэд гэртэйгээ ойр жижигхэн улаан тоосгон худгаас усаа авдаг болсон. Иргэдийн магнай тэнийжээ. Хаалга тогшин танайх “Ус өгөх үү” гэж асуух шаардлагагүй болжээ. Тэд санаачилгаараа нэгдэн 54 сая төгрөгийн санхүүжилтээр худагтай болсон түүхийг өгүүлье.
Иргэн Д.Энхсайханы худаг барих санаачилга хуруу инчдэх мэт хялбар бүтчихээгүйг түүний өнөөдрийг хүртэл уйгагүй зүтгэсэн хоёр жилийн урт замнал харуулна. Гол саад бэрхшээл төрийн байгууллагуудын зүгээс олгох газрын зөвшөөрөл, гэрчилгээ, бичиг баримт бүрдүүлэх явцад тулгарч байжээ. Эндээс олон жил ужгирч ирсэн төрийн хүнд суртал иргэдийн санаачилга, оролцоог хэрхэн
|
хязгаарлаж, царцааж ирснийг ч харж болох аж. Тэгвэл Д.Энхсайханы санаачилгыг бодитоор хэрэгжиж, төр ба иргэний хамтын ажиллагааны сайн жишгийг бий болгоход хувь нэмэр оруулсан С.Эрдэнэтуултай бид ярилцсан юм. Тэрбээр 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан ба Баяндөхөмийн иргэдийг худагтай болоход дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
|
С.ЭРДЭНЭТУУЛ: ХУДАГ БАРИХ АЖИЛ ГАЗРЫН АСУУДЛААС БОЛЖ ИХЭЭХЭН УДААШИРСАН
Бид иргэн Д.Энхсайханы ирүүлсэн хүсэлтийн дагуу “Орон нутгийн хөгжлийн сан”-д хандаж, багагүй хөөцөлдсөний үр дүнд санхүүжилт авч чадсан.
Гэсэн хэдий ч худаг барихад тохиромжтой газрыг олох, газрын гэрчилгээ, зөвшөөрөл авах зэрэг үйл явц ихээхэн сунжирч, бараг хоёр жил орчмын хугацааг зарцуулсан. Баянзүрх дүүрэгт худаг гаргахад тохиромжтой газар ховор байдаг. Гэхдээ иргэд болон бидний зүгээс шат шатны байгууллагуудад шаардлага тавьж, нягт хамтран ажилласны үр дүнд зорьсондоо хүрч, өнгөрсөн долоодугаар сард худгийг ашиглалтад оруулсан. |
Товчхондоо, газрын асуудалтай холбогдох бичиг баримтууд шийдэгдмэгц худаг барих үйл явц маш хурдан өрнөсөн. Энэ чиглэлээр туршлагатай “Эрдэнэ дриллинг” компани уг ажлыг хариуцан хоёр сар орчмын хугацааг зарцуулсан” хэмээн ярьсан юм.
С.ОДГЭРЭЛ: УНДНЫ УС АВАХ ХУДАГГҮЙ БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДСӨН АСУУДАЛ
Ингээд бид худаг барихад ямар стандарт мөрдөж, юуг анхаарах ёстой болон усны эрүүл ахуйн чанарын үзүүлэлт ямар байдаг талаар тодруулахаар УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны дарга С.Одгэрэлтэй холбогдсон юм. Тэрбээр ундны ус авах худаггүй байгаа нь хүний эрх зөрчигдсөн асуудал хэмээн тодотгож байв.
|
"Иргэд тухайн орон нутгийнхаа худаг, усан хангамжид хяналт тавьж, тогтвортой үйл ажиллагааг хангах нь хамгийн чухал" |
Мөн "Гэр хороололд худаг, ус түгээх газар байгуулах хүсэлтээ иргэд манай байгууллагад өгдөг. Гэхдээ бидэнд тийм төсөв, хөрөнгө байдаггүй. Иргэд хорооны засаг даргадаа хандаж, шат шатныхаа төлөвлөгөөнд тусгаад Нийслэлийн өмчийн газар бүртгүүлэх шаардлагатай" гэдгийг тэрбээр онцолсон юм.
|
ОРОЛЦООТОЙ ИРГЭД ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРДАГ
"Танд шийдүүлэхийг хүссэн асуудал, өөрчлөхийг зорьж буй санаачилга байвал яг одоо эхлүүлээрэй. Таны дуу хоолой, оролцоо нийгэмд нөлөөлөх ХҮЧ юм." |
Баяндөхөмийн иргэд худагтай болсон бяцхан түүхийн эхлэл цэг нь иргэн Д.Энхсайханы санаачилга байв. Түүний эхлүүлсэн ажил бодитоор хэрэгжсэнээр 500 гаруй хүн голоос бус стандарт хангасан худгаас усаа авч байна. Энэ бол иргэдийн оролцооны сайн жишиг.
|
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах тухай тусгасан байдаг. Түүнчлэн одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын “Алсын хараа 2050”-ын 6.3-т хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байдаг.
Та бүхэн доорх инфографикаас Монгол Улсын нийт өрхийн хэд нь төвлөрсөн усан хангамжид холбогдсон, хэд нь зөөврөөр ус авдаг болон хэдэн айл нүхэн жорлон ч үгүй амьдарч буй талаарх тоон үзүүлэлтийг харж болно. Иргэдийнхээ 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байдаг “Алсын хараа”-гаа “алдаагүй” гэж найдна.
Та бүхэн доорх инфографикаас Монгол Улсын нийт өрхийн хэд нь төвлөрсөн усан хангамжид холбогдсон, хэд нь зөөврөөр ус авдаг болон хэдэн айл нүхэн жорлон ч үгүй амьдарч буй талаарх тоон үзүүлэлтийг харж болно. Иргэдийнхээ 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байдаг “Алсын хараа”-гаа “алдаагүй” гэж найдна.
ТАЙЛБАР: Үндэсний статистикийн хорооны “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого”-ын нэгдсэн дүнгээс
|
ИРГЭН ТА ЭРХТЭЙ УЧИР ОРОЛЦООРОЙ!
Иргэдийн оролцооны талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай зэрэг холбогдох хуулиудад баталгаажуулсан байдаг. Нийгэмдээ өөрчлөлт оруулах, үзэл бодлоо илэрхийлэх, шинийг санаачлах эрх ИРГЭН БҮРД бий.
|
|
ОРОЛЦООТОЙ ИРГЭД УСЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭДЭГ
Монгол Улсын Засгийн газар энэ сарын 13-нд хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжийн усны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хэрэглээ хэвийн түвшнээс өсөж буйг холбогдох албаныхан мэдээлсээр буй.
ТАЙЛБАР: Нийслэлд орон сууц болон гэр хороололд амьдардаг нэг хүний усны хэрэглээний харьцуулалтыг дээрх инфографикаас та харж байна. Гэр хорооллын оршин суугчид худгаас нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авч, зөөвөрлөн хэрэглэж байхад төвлөрсөн усан хангамжид холбогдсон орон сууцныхан ижил хэмжээний усыг 0.29 мөнгөөр хямд үнээр авч хэрэглэдэг. Мөн өдөрт 25 дахин их ус хэрэглэдэг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам-наас гаргасан уг судалгаанаас үзэх боломжтой.
|
ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН УСАА ХЭМНЭХ ЭНГИЙН АРГА
|
Багийн гишүүд: О.Хандмаа, Х.Цолмон, Х.Хулан, Л.Амаржаргал