Орон нутгийн төсвөө хянацгаая! Хакатоны шилдэг бүтээл
М.Нарангуа нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 26 дугаар байранд төрсөн цагаасаа хойш л амьдарч байна. Түүнийг арван жилийн сурагч байхад л эвдэрхий байсан хороолол дундах голын зам өнөөдрийг хүртэл засагдаагүй. Одоо тэр хаана хонхойж, эвдэрсэн нүхтэй хэсэг нь байдгийг сайн мэддэг болжээ. Тиймдээ ч оройн цагаар гэрэлтүүлэггүй замаар төвөггүй явдаг болсон байна. Харин машинууд хонхойж, эвдэрсэн, ус тогтсон замыг тойрч явах гэж явган хүний зам дайрч гардаг нь түүнийг айлгадаг байна. Иймээс М.Нарангуад машин явахыг хүлээж зогсох, эсвэл зэрэгцэн явахаас өөр сонголт байдаггүй байна. Нарангуатай адил тус 26 дугаар байртай залгаа орших долоон байрны оршин суугчид энэ байдалтай эвлэрч амьдарсаар иржээ. Зам засварын ажил жил бүр хийж байгаа гэдэг ч “нүдээ” олдог эсэх нь эргэлзээтэй. Хариуцах эзэнгүй энэ мэт эвдэрсэн автозам иргэдийг бухимдуулж байна.
Зургийн тайлбар 1: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны эвдэрсэн зам
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч М.Нарангуа “Би энэ хороонд ухаан орсноосоо хойш амьдарч байна. Миний мэдэхийн намайг бага байхад л хороолол дундах зам ийм эвдрэлтэй байсан. Одоог хүртэл ийм байсаар л байна. Нэгдүгээрт, энэ замаар машинтай явахад маш төвөгтэй байдаг. Мөн явган явахад оройн цагаар замын гэрэлтүүлэг муутай болохоор хонхор, нүхийг нь харахад хүндрэлтэй. Ялангуяа замын эвдрэлээс болж машинууд гэнэт ухрах үе гардаг. Учир нь машин ухрах үед хойно нь эвдрэлтэй хэсэг таарчих гээд байдаг болохоор заавал хааз өгч байж ухрах хэрэгтэй. Энэ үед хойно нь байгаа хүүхэд, хүн, эд юмсыг харахгүй мөргөчих вий гэж айдаг”. Мөн тус хорооны оршин суугч н.Мягмарсүрэн “Эвдрэлтэй замаар явахад маш хүндрэлтэй. Жишээ нь шөнө, оройн цагаар хараа муутай хүн бол харахгүй андуу гишгээд хөл гараа бэртээх зэрэг асуудал тулгардаг. Түүнчлэн бороотой үед усаар дүүрчихдэг болохоор ус цацуулчих гээд хажуугаар нь явахад хэцүү. Ахуйн гэмтэл гарах эрсдэлтэй л газар гэж боддог. Энэ автозамыг засуулах нэн шаардлагатай байгаа.” хэмээн ярьж байсан юм.
Зургийн тайлбар 2: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны эвдэрсэн зам
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т хүн бүр “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан ч өнөөдөр иргэд эрсдэлтэй нөхцөлд дасан зохицож амьдрахаас өөр нөхцөлгүй байна. Энэ мэт иргэдийн аюулгүй орчин руу халдсан асуудлыг хэн хариуцах вэ? Үүнд анхаарал тавьж байгаа хүн байна уу? Энэ асуудлыг СӨХ нь шийдэх ёстой юу, дүүрэг, хороо нь шийдэх хэрэгтэй юу уу? Эсвэл Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас засах ёстой юу? Энэ талаар иргэд сайн мэддэггүй. Иймээс ч иргэд санал, гомдлоо хаана өгөхөө мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Энэ асуудлын талаар тодруулахаар БЗД-ийн 1 дүгээр хорооны засаг дарга Г.Чинбаттай холбогдсон юм. Тэр бээр засаг даргын ажлыг аваад 7 сар болж байгаа учир өмнө нь энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авсан талаар мэдэхгүй гэдгээ тайлбарлалаа. Харин энэ асуудал өмнө яригдаж байсан, ойр орчмын байрнуудын СӨХ-ноос санал гаргаж байсныг хэлж байна. Тэгвэл дээрх асуудал яригдаж байсан ч төсвийн мөнгөөр шийдэгдэх асуудал биш байсаар ирсэн үү. Эсвэл үнэхээр зам засах төсөв мөнгө байхгүй байна уу?
Засварын ажлаас “сугарч” үлдсэн зам элэгдсээр байна.
Автомашинтай иргэдийн хувьд жил бүр автозам ашигласны төлбөр өгдөг. Автомашиныхаа хөдөлгүүрээс хамаараад 100-350 мянган төгрөгийн татвар төлдөг. Гэвч өнөөдөр автомашины эвдрэл гэмтлийн нэг шалтгаан нь автозам болж байна. Уг нь энэ асуудлыг шийдэх газар нь Нийслэлийн Авто зам хөгжлийн газар юм. Тус газар руу дүүргээс санал хүсэлтээ илгээснээр зам засварын ажил явагдах учиртай байдаг аж. Харин дүүргийн хувьд иргэдээс санал хүсэлтийг нь авч нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг жагсааж тодорхойлсноор илгээдэг. Өнгөрсөн онд гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 123 чиглэлийн 1902,7 км автозамын ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс харахад, авто зам засварын ажил ахицтай явж байгаа мэт боловч шаардлагатай газрууддаа засаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь зарим иргэд жил бүр зам засаж байгаа гэдэг ч дорвитой зассан зүйл байдаггүй гэх шүүмжлэл бий. Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын орлогч “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “Жил бүр бүр урсгал засвар хийх ёстой, хийхгүй бол зам улам муудаж гэмтэнэ” гэжээ. Гэтэл БЗД-ийн 1 дүгээр хорооны хороолол дундах зам засагдаагүй олон жилийн нүүрийг үзсэнийг дээр дурдсан. Магадгүй машин их явдаггүй учир жил бүр орхигдуулдаг байж болох юм. Гэхдээ хотхонуудын ойр орчмоор хүүхэд, хөгшид ч их явна. Тэдний амьдрах орчин, аюулгүй байдал ийнхүү алдагдсаар.
Зам засварын ажил өртөг ихтэй. Хэдий тийм боловч зайлшгүй засах шаардлагатай эвдрэлтэй байгаа замыг хэрхэн засуулах арга хэмжээ авч болох вэ? Мөн БЗД-ийн 1 дүгээр хорооны засаг дарга Г.Чинбатаас энэ талаар дахин тодруулахад “Энэ жил 1 дүгээр хороонд гарсан замын эвдрэлийн асуудлыг хөндөж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт саналаа өгсөн. Хэрэв санал нь авч хэлэлцэгдэж, сонгогдвол засах боломжтой” гэсэн юм. 2021 төсвийг харвал БЗД-ийн орон нутгийн хөгжлийн санд 2 тэрбум 116 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс, тус дүүргийн 1 дүгээр хорооны явган хүний замын тохижилтын ажилд 66.6 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Гэхдээ тус явган хүний замын тохижилтын ажилд дээрх асуудал багтаагүй.
Зам засварын ажил өртөг ихтэй. Хэдий тийм боловч зайлшгүй засах шаардлагатай эвдрэлтэй байгаа замыг хэрхэн засуулах арга хэмжээ авч болох вэ? Мөн БЗД-ийн 1 дүгээр хорооны засаг дарга Г.Чинбатаас энэ талаар дахин тодруулахад “Энэ жил 1 дүгээр хороонд гарсан замын эвдрэлийн асуудлыг хөндөж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт саналаа өгсөн. Хэрэв санал нь авч хэлэлцэгдэж, сонгогдвол засах боломжтой” гэсэн юм. 2021 төсвийг харвал БЗД-ийн орон нутгийн хөгжлийн санд 2 тэрбум 116 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс, тус дүүргийн 1 дүгээр хорооны явган хүний замын тохижилтын ажилд 66.6 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Гэхдээ тус явган хүний замын тохижилтын ажилд дээрх асуудал багтаагүй.
Зургийн тайлбар 3: 2015-2020 онд нийслэлийн төсвийн мөнгөөр зассан авто замын тоог дүүрэг бүрээр харьцуулан харуулж байна.
ИТХ-ийг шүүхэд өгч болно
Хороолол дундах замыг СӨХ нь засаж болох уу? Энэ талаар Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах https://ikon.mn мэдээллийн хуудсанд ярилцлага өгөхдөө “Хуулиараа СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Үүнд байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан сүлжээ, бусад эд хөрөнгө ордог. Харин хороолол доторх авто зам, гэрэлтүүлэг дундын өмчлөлд ордоггүй байна. Хэрэв засахаар болбол Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, замын цагдаагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр стандартынх нь дагуу засах ёстой. СӨХ дур мэдэн засаж бөглөлөө гэхэд сүүлд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зэргээр эрсдэл үүснэ” гэжээ. Тэгэхээр СӨХ-д зам засварын ажил хийх эрх байхгүй. Энэ асуудлыг шийдэх ганц байгууллага нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар юм.
Зургийн тайлбар 4: БЗД-ийн 1 дүгээр хорооны 26 дугаар байрны нэг өрхийн СӨХ-ны сарын хураамж болох 13,320 төгрөгөөр зам засъя гэвэл 2027 оноос авто зам засах хэмжээний төсөв бүрдэх юм.
Иймээс СӨХ нь санал хүсэлтээ байнга өгч Нийслэлийн авто зам засварын газар саналаа хүргүүлэх хэрэгтэй. Иргэд өөрсдөө оролцоотой байж, ИТХ-даа идэвхтэй оролцож, асуудлаа хэлж байх нь чухал. Иргэдийн оролцоог хангах урьдач нөхцөлийг бүрдүүлэхэд хэд хэдэн үе шат байдаг. Иргэдийн оролцоог жинхэнэ утгаар хэрэгжүүлэхийн тулд оролцоог хангах урьдач нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэл өгөх, тэдний мэдлэг, чадвар, туршлагыг тандах, үйл ажиллагаанд оролцох боломжийг судлах нь чухал юм. Тодруулбал, мэдээлэлгүй байх, мэдээлэл авах, сонирхол төрөх, мэдээлэх, зөвлөлдөх, туршиж үзэх, даган дуурайх, хэрэгжүүлэх гэсэн үе шатуудыг дамжсанаар тухайн үйл ажиллагаанд оролцох сонирхол төрөх, энэ талаараа бусдад мэдээлэн зөвлөлдөх, улмаар туршиж үзэн хэрэгжүүлэх зэргээр хувь хүний мэдлэг, хандлага, зан үйлд өөрчлөлт гарна. Асуудлыг хараад шүүмжлээд өнгөрөх биш, дуу хоолойгоо хүргэх нь хамгийн том “хөшүүрэг”.
Зургийн тайлбар 4: Иргэд сум хороо, дүүрэгтээ санал өгөх, түүнийг хэлэлцэх процесс
Зургийн тайлбар 6: Иргэдийн оролцооны үе шат
Дүгнэн хэлбэл, өнөөгийн нийгэмд иргэдийн аюулгүй байдал, ая тухтай орчинтой авто замын чанар шууд холбоотой. Иймээс ч жил бүр авто зам засварын ажлууд дүүрэг бүрд тодорхой хэмжээгээр хийгддэг. Гэсэн хэдий ч засах нэн шаардлагатай байгаа эвдэрхий замууд эрдэнэт хүний амь эрсдэхэд хүргэж болзошгүй. Иймээс зам засварын ажлаас жил бүр “сугарч” үлддэг, хариуцах эзэн байдаггүй “хөөрхийлөлтэй” хороолол дундах замыг хариуцах эзэнд нь- Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт нь хариуцуулж өгье. Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газар ажлаа үр дүнтэй хийж байгаа эсэх дээр Нийслэлийн засаг дарга нь хяналтаа тавина уу.